• Даваа-Баасан: 08:30 - 17:00

    Цагийн хуваарь

  • +976 70154583

    Холбоо барих

Цэс Close

“Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”

 

“Уламжлалт анагаах ухаан” сонин жил бүр Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутнуудаас ярилцлага авдаг уламжлалтай. Шинэхэн оюутнууд маань ихийг сурч, хийж бүтээе гэсэн оргилуун хүсэл эрмэлзлээр Оточ Манрамба Их Сургуулийг сонгон иржээ.

Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж багшаараа төвөд хэлний “Га” үсгээ хөтлүүлж, уламжлалт анагаах ухааны салбарыг түүчээлэх шүнгийн эмч нар болохоор бэлтгэгдэж эхэлсэн тэд бол урьдын их ерөөлөөр энэхүү агуу анагаах ухааны охь шимээс хүртэж буй буянтангууд юм.

Сургуульдаа суралцаад дөнгөж сарын хугацааг үдэж буй ч тэд аль хэдийн Төвөд хэлний цагаан толгойгоо бүрэн судлаж, уншиж, бичиж чаддаг болсон. Урьд урьдын жилүүдэд 1-р курсын оюутнууд маань “Бид яагаад төвөд хэл үзэж байгаа юм бол” гэж гайхширч, “Та нар лам болох уу” гэсэн найз нөхдийнхөө асуулттай тулгарч байснаа онцлон ярьдаг байсан бол сүүлийн жилүүдэд элсэгчид маань сургуульдаа орж ирэхээсээ өмнө сургалтын онцлог, давуу талыг судлаж ойлгосон нь харагдаж байв. Тэд “Төвөд хэл бол уламжлалт анагаах ухааны мэргэжлийн хэл” гэдгийг хэдийнээ ойлгож, улам сайн суралцахад л анхаарлаа хандуулсан гэдгээ онцолж байлаа.

Эмч хүнд заавал байх ёстой ёсзүй, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлийг суулгаж өгдөг суурь хичээлүүдээ үзэж эхэлсэн 1-р курсынхан маань уламжлалт анагаах ухааны талаар, Оточ Манрамба Их Сургуулийнхаа талаар хэрхэн ярилцсаныг хүргэе.

 

А.Хүслэн: СУРГУУЛИЙН МААНЬ СУРГАЛТЫН ОНЦЛОГ ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ӨДРӨӨС МЭДРЭГДСЭН

/Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан/

-Хүн төрөлхтөн байгальдаа улам бүр ойртож, химийн эм, эмчилгээнээс татгалзаж буй энэ үед уламжлалт анагаах ухаан маш эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг. Уламжлалт анагаах ухаантай Азийн орнууд төдийгүй Америк, барууны орнуудын залуучууд эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, байгалийн гаралтай эмчилгээг илүү сонирхох болсон. Тиймээс ч би уламжлалтын эмч мэргэжлийг сонгож, тэрхүү хөгжлийг түүчээлэх мэдлэг, чадвартай эмч болохын тулд Оточ Манрамба Их Сургуулийг сонгосон.

Би сургуулийнхаа талаар маш олон зүйлийг судлаж, олон хүнээс зөвлөгөө авсаны үндсэн дээр сонголтоо хийсэн. Америкт мэдрэлийн мэс засалч мэргэжлээр зэрэг дээшлүүлэн суралцаж буй өрнийн анагаах ухааны их эмч надад Оточ Манрамба Их Сургуульд суралцахыг зөвлөсөн юм. Тэр эмч өөрөө ч уламжлалтын эмчээр суралцах хүсэлтэй.

Би сургуулиа сонгох явцдаа мэргэжилдээ улам бүр дурласан. “Уламжлалт анагаах ухааны эмч нар өрхийн эмнэлэгт ороод судас барьдаг болтлоо дор хаяж 50 жил болно” гэж хэлж байсан эмчтэй хүртэл мэтгэлцэж, сонгосон мэргэжлээ өмөөрөөд авсан. /инээв/ Уламжлалт анагаах ухааны эмч нар хэлмэгдүүлэлтээс өмнө өрхийн эмч нарын үүргийг гүйцэтгэж байсан, одоо ч манай төгсөгчдөөс өрхийн эмнэлэгт ажиллаж уламжлалтын эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа олон эмч нар байгааг сургуулийнхаа вэб сайтаас уншиж байсан юм байна.

Ер нь сургуулийнхаа талаар зөндөө судласан, хичээл ихтэй гэдгийг мэдэж байсан ч эхний өдөр зай завсаргүй хичээл ороход сонирхолтой санагдаж байсан шүү. /Инээв/ Сургуулийн маань сургалтын онцлог хичээлийн эхний өдрөөс л мэдрэгдсэн. Сургууль руугаа орж ирэхэд номын хүрд эргүүлэх мэт дуу гардаг. Нэг давхараас эхлээд 7 давхар хүртэл бүх курсууд өглөөний уншлагаа уншихад хүүхэд бүрийн хоолойноос тарнийн үг гарч, тэр нь яг л эргэлдэж буй номын хүрднээс гарч байгаа мэт сонсогддог. Сургуульдаа суралцаад сарын хугацааг өнгөрүүлэхэд ийм гайхалтай мэдрэмжийг авч чадсан. Манай зиндааныхан /курсынхан/ сургуулийнхаа 30 жилийн босгон дээр элсэж орсон хүүхдүүд. Тиймээс ч мундаг эмч нар гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

 

Г.ДОРЖГОТОВ: МАНАЙ ХИЙДЭЭС ОЛОН ЛАМ ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙГАА 

    /Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан/

Би Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдэд шавилан суудаг. Манай хийдийн зүгээс Манбын дацанг сэргээх зорилгоор Оточ Манрамба Их Сургууль руу лам нарыгаа явуулж эмчээр сургаж эхэлсэн нь эхнээсээ төгсөөд эмнэлэг байгуулан ажиллаж байгаа. Хийд маань дэргэдээ “Агь Манба” уламжлалтын эмнэлэгтэй. Манай хийдээс анх Оточ Манрамба Их Сургуульд ирж суралцсан 2013 оны төгсөгч Г.Гантөмөр эмч одоо “Агь Манба” эмнэлгийнхээ эрхлэгчээр ажиллаж байна. Энэ жил төгсөх 6-р курсын оюутан Гомбо мөн манай хийдийн лам.

Оточ Манрамба Их Сургууль бол эртний Манба Дацангийн үйл ажиллагааг сэргээн хөгжүүлж, оточ маарамбуудыг бэлтгэдэг сургалтыг одоо ч явуулж байгаа сургууль. Тиймээс манай хийдийн багш нар Оточ Манрамба Их Сургуулийг сонгон лам нараа сургадаг. Би тэдгээр эмч нарын үргэлжлэл болж энэ сайхан сургуульд сурч байгаадаа баяртай байна.

Оточ Манрамба Их Сургуульд суралцаж төгсөөд нутаг орондоо ажиллан амьтны тусад ихийг бүтээж байгаа ах нарыгаа хараад маш их бахархдаг. Тэдэн шиг сайн эмч болоод “Агь Манба” эмнэлэгтээ ажиллаж олон хүнд туслах зорилготой, тиймээс би хичээж сурах болно.

 

Б.НАМУУН: СУРГУУЛЬ МААНЬ ХАРРИ ПОТТЕР КИНОНД ГАРДАГ ХОГВАРТСЫН СУРГУУЛЬ ШИГ Л САНАГДСАН

/Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан/

-Би хэзээ ч өөрийгөө эмч болно гэж төсөөлж байгаагүй. Тиймээс ч бизнесийн удирдлагаар суралцаж төгсөөд тэр чиглэлээр ажиллаж байсан. Гэтэл саяхнаас бие маань өвдөж, эмнэлгээр явсан ч өвчнийхөө учир шалтгааныг олж чадаагүй. Би ер нь багаасаа л эмнэлэгт очих дургүй, эмч нарын талаар тийм ч сайхан ойлголтгүй явсан. Харин танилынхаа санал болгосноор сургуулийнхаа бааз эмнэлэг Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд эмч нарын талаарх үзэл бодол маань эрс өөрчлөгдсөн. Намайг үзсэн тэр эмч надтай маш сайн ярилцаж ойлголцож, миний өвчний шалтгааныг тодруулж, эмчилсэн. Тэр эмчээс би эмч хүний мөн чанарыг ойлгосон. Хүн анагаах нь илүү утга учиртай ажил юм байна гэдгийг ч ойлгож, уламжлалт анагаах ухаанд суралцахаар шийдсэн.

Хичээлийн эхний өдөр сургуульдаа ирэхэд Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг л санагдсан. Хамба багш маань хичээл ороод сургуулийнхаа талаар, уламжлалт анагаах ухааны талаар ярихад шид бүтээх гэж байгаа юм шиг санагдаж билээ. Цагаан халад, эмчийн хувцас өмсөөд хичээлдээ суух нь миний хувьд өөр ертөнцөд ороод ирсэн юм шиг гайхалтай мэдрэмжийг төрүүлж байсан. Тэр өдөр ерөөсөө ядраагүй, нэг л мэдэхэд найман цаг суугаад хичээл хийчихсэн байсан.

 

Х.ХАШ-ЭРДЭНЭ: ШАВЬ НАРЫГАА “ҮР ШАВЬ” ГЭЖ ҮЗДЭГ НЬ САЙХАН САНАГДДАГ

/Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан/ 

-Би Сүхбаатар аймгийн элсэн суралцаж байна. Ээж маань бариач хүн л дээ. Тиймээс ээжтэйгээ хамтарч нутагтаа уламжлалтын эмнэлэг байгуулан уламжлалт анагаах ухааны эмчилгээг нутгийнхаа иргэдэд хүргэж ажиллая гэсэн зорилт тавьсан. Сургуулиа нэлээд бодож байж сонгосон. Оточ Манрамба Их Сургууль, Өвөрмонголын уламжлалтын сургуулийг судлаж байгаад олон хүний зөвлөснөөр Оточ Манрамба Их Сургуульд суралцахаар шийдсэн. Сургууль маань миний сонирхлыг их татсан. Багш нар нь их сайхан харилцаатай. Шавь нарыгаа “Үр шавь” гэж үздэг нь сайхан санагддаг.

Уламжлалт эм, эмчилгээ нь ямар ч хор нөлөөгүй, хүний бие, хэл, сэтгэлийг хамтад нь эмчилдэг анагаах ухаан учраас суралцах зүйл маш ихтэй, бас сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Хичээл эхлэснээс хойшхи догдлол маань одоог хүртэл арилахгүй, юм бүхэн нь гайхмаар биширмээр санагдасаар байна.

 

Б.ЦЭНГҮҮЖИН: ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛЬ ОЮУТНАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ОНЦЛОГ ИХТЭЙ СУРГУУЛЬ 

/Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан/

-Би КТМС-д Төрийн захиргааны менежментээр сурч байгаад АШУҮИС-д шилжиж суралцсан. Хоёр ч сургууль сольж, сонголтоо буруу хийсэн мэт санагдаж байсан надад дахиад сургуулиа солино гэдэг бас л хүнд асуудал байсан. Тиймээс ч удаан хугацаанд сургуулийнхаа талаар судлаж, бодсоны эцэст энэ жил элсэж орохоор шийдсэн. Одоо бол би үнэхээр зөв сонголт хийсэн гэж хэлнэ. Олон сургуулиар явж үзсэн хүний хувьд хэлэхэд Оточ Манрамба Их Сургууль оюутнаа гэсэн сэтгэлтэй, онцлог ихтэй сургууль.

Эмч нарын дунд өссөн болохоор багаасаа л эмч болох сонирхолтой байсан. Харин хожим эмчээр суръя гэж шийдэх үедээ Монголын урдаа барьдаг анагаахын сургууль бол АШУҮИС гэдэг бодлоор шууд л элсэж орсон нь буруудсан. Гэхдээ зөв сонголт хийхэд хэзээ ч оройтдоггүй. Тиймээс би энэ жил бүхнийг шинээр эхлэж Оточ Манрамба Их Сургуульдаа элсэж орсон.

9 сарын 2-ноос миний “Happy” өдрүүд эхэлсэн. /Инээв/ Эхний өдөр 8 цаг сууж хичээл хийсэндээ ер итгэж өгөхгүй байсан. Би хэзээ ч ядарсан үедээ нэг зүйлд төвлөрч удаан хугацаанд хичээл хийж үзээгүй. Гэтэл энд хичээлээ хийгээд суухаараа ядарсанаа ч мэддэггүй. 8, 9 цаг хичээллээд, гэртээ хариад шөнийн 2, 3 цаг хүртэл даалгавраа хийж байна. Энэ байдал сар гаран үргэлжилж байгаа ч надад үнэхээр жаргалтай санагдаж байгаа. /Инээв/ Ангийнхантайгаа дотно найзлаж, хамтдаа хичээн суралцаж байгаа.

 

О.ЧУЛУУНТУЛГА: БИ САЙН МААРАМБА БОЛЖ АМЬТНЫ ТУСЫГ БҮТЭЭХ ЗОРИЛГОТОЙ 

/Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан/

-Би Сэлэнгэ аймгийн Баруунтуруун сумын Амарбаясгалант хийдээс ирсэн. 2018 оны хавар сургуулийн захирал Г.Одонцэцэг багш маань манай хийд дээр ирж, лам нарт эрүүл мэндийн талаар лекц уншиж, лам нарын судсыг чагнаж  оношилсон юм. Тэгэхэд анх уламжлалтын судас оношилгоотой танилцсан. Г.Одонцэцэг багш маань “Танай хийд лам нараасаа сонгож уламжлалт анагаах ухаанд сургавал ирээдүйд хийд орондоо Манбын дацангаа ажиллуулах боломжтой” гэж хэлсэн нь миний сурах урам зоригийг бадраасан. Манай Амарбаясгалант хийдэд Манбын дацан байсан гэж өвгөн багш нар маань ярьдаг, буурь туурь нь ч байдаг. Хийдийнхээ лам нарт сурах сонирхолтой байгаагаа хэлэхэд, тэд ч намайг дэмжиж, Оточ Манрамба Их Сургуульд элсэхэд ямар шаардлага хангах ёстойг судласан. Сургуульдаа элсэж орохын тулд хими, биологийн чиглэлээр ЭЕШ өгсөн. Би сайн эмч маарамба болж амьтны тусыг бүтээх зорилготой. Тэр үед Г.Одонцэцэг багш маань манай хийдэд ирж таарсан нь ерөөлөөр бүтжээ. Манай хийд 30 ламтай, алслагдмал газар оршдог. Сургуульд сурна гэдэг их өөр орчинд орно гэдгээ мэдэж байсан. Гэхдээ л хичээлийн эхний өдөр эмчийн хувцас халадаа өмсөөд хичээлийн нээлтэнд ирэхэд их догдолсон. Сургуулийн Оюутны албанаас надад оюутнуудыг төлөөлж нээлтийн үг хэлэх боломж олгосон. Маш том нэр хүнд, мартагдашгүй дурсамж үлдээсэн өдөр болсон. Сургуулийн маань энерги үнэхээр хүчтэй. Сургууль дээрээ байхад хичээл хийх сонирхол эрч хүч өөрийн эрхгүй л төрдөг.

 

 

Сэтгэглэл үлдээх

Таны имэйл бусдад харагдахгүй.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах